КОМИНТЕРНЫ ЗААВРААР ДӨРВӨД АРД УЛС БАЙГУУЛАХЫГ САНААРХСАН З.ШИЖЭЭ, Ө.БАДРАХЫН ТҮҮХ



Хойд Шинжааны Ил тарвагатай хэмээх газарт 1901 онд Золбингийн Шижээ төржээ. ДХГ-ын дарга, МАН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргын ажлыг хашиж явсан. Оросын түүхч В.Нефедов 2013 оны нэгдүгээр сард "Монголын удирдагч Шижээ улсаасаа урвасан нь" нэртэй ном хэвлүүлсэн байдаг. Коминтерний удирдагч Григорий Зиновьев Монголын баруун бүс нутаг буюу Дөрвөдийг тусгаар улс болгох санаагаа хэрэгжүүлэхийн тулд ойрад гаралтай, зүүний үзэлтэн З.Шижээ, Ө.Бадрах нарыг ашиглахаар шийдэв. З.Шижээг Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсыг байгуулах коминтерний төлөвлөгөөг голлон хэрэг­жүүлэхээр том­илон, нэр төрийг нь өсгөхийн тулд Коминтерн 1928 онд “Форд-М” маркийн 16 машин бэлэглэснийг Шижээ ёстой нэг улсын эзэн хүний ёсоор захиран зарцуулав. Тэрбээр эхнэрээсээ гадна хоёрын хоёр нууц амрагтаа ба коминтерны өгсөн машинаас тус бүр нэгийг амрагууддаа бэлэглэжээ. Тийнхүү Шижээ ажилдаа орж, 1929 онд хуучны Ховдын хязгаар, Дөрвөд хоёр аймгийг нийтэд нь Дөрвөдийн автономит аймаг болгох санал гаргасан байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Дөрвөд Ард Улсын удирдах бүрэлдэхүүнийг Шижээ, Бадрах, Баасанжав, Санж, Бямбаа, Жүрмэд, Содов нарын дөрвөд нөхдөөр байгуулахаар шийджээ. Гэвч Шижээгийн санаачилж Бадрахын хүчлэн зүтгүүлсэн тогтоолын төсөл МАХН-ын Төв Хорооны олонх болох халхчуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Бидний эчнээ танил зүүн эсер Яков Блюмкинээр ахлуулсан чекистүүдийн бүлгийг Шижээгийн хүсэлтээр Монголд яаралтай ирүүлэхээс өөр замгүй болов. Коминтерн ерөнхий сайд Цэрэндорж, намын дарга Дамбадорж, Жадамбаа нарыг айлган сүрдүүлаад амжив. Зартай алуурчны эрхшээлд орсон Монголын удирдагчид буулт хийж, Коминтернтэй хэлэлцэн тохирохоор шийдлээ.Нефедовын өгүүлснээр, Гэндэнгийн машинд цагийн механизмтай мина тавьж дэлбэлэхэд жолооч Баасан нь амь үрэгдсэн ба ийнхүү дэлбэлснээ Блюмкин Гэндэнд утсаар хэлж тохуурхав. Коммунизм л ялж байвал үндэсний тусгаар тогтнол тийм чухал биш гэх радикал коммунист залуу Лхүмбэ тэдэн дээр нэмэгдэв. Чойбалсан, Гэндэн, Лхүмбэ, Содном, Өлзийбат, Шагдаржав нар эхэндээ дээрх хоёрын талд явсан авч 1930 он гэхэд тэдэнд өөр далд зорилго буйг олж мэдээд хөндийрөн салсан байна. Коминтерны зорилго биелж, 1930 оны нэгдүгээр сард БНМАУ-ын Дөрвөдийн автономит аймгийн тухай Төв хороо хэлэлцэхээр боллоо. Төв хорооны 35 гишүүний 27 нь халхчууд, хэдэн тооны буриад байсан бөгөөд тэд бүгд Блюмкинд дарамтлуулсан учир Коминтерний санал болгосон төслийг дэмжихэд бэлэн болсон байв. Улсын VIII их хурал тун ширүүн болж төлөөлөгч Дашням гар буугаар салан тусгаарлагч Шижээг буудсан нь оносонгүй, зүүн чихийг нь шүргээд өнгөрчээ. Дамбадорж хурлын ид үеэр Коминтерний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж зүүнтэн залуус удирдлагын 60 хувийг, баруунтан ахмадууд 40 хувийг авахаар тохирсон байна. Ингээд тохиролцоо ёсоор Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах, Пэлжидийн Гэндэн гурвыг МАХН-ын тэгш эрхтэй гурван даргаар тавьж, Амарыг Ерөнхий сайд, Жигжиджавыг Ерөнхий сайдын орлогч болгожээ. Гэтэл огт санаанд оромгүй явдал тохиов. Коминтерний төлөөлөгч В.Черномордюк, ОГПУ-гийн төлөөлөгч Я.Блюмкин нарын сууж явсан машин руу хүн гал нээж, тэд шархджээ. Үүнийг Дэмид хийсэн гэж Шижээ матав. Энэ явдал Москваг цочроож, тэр үед гол дайсан Троцкийгоо дараад ЗХУ-ын удирдагч болчихоод байсан Сталины анхаарлыг татжээ. Сталин ямар учраас зэвсэгт халдлага болсныг мэдүүтээ Коминтернийг зэмлэж, Дөрвөдийн асуудлыг нэг жилээр хойшлуулсан байна. Монголын удирдлага дахь халхууд энэ боломжийг зүгээр хараад суусангүй. Тэд 1931 оны хавар засаг захиргааны гэнэтийн шинэчлэл хийж төлөвлөгөөг тасалдуулсан байна. Ховд Увс хэмээх хоёр аймаг болгон салгаад эдгээр аймгуудын бүрэлдэхүүнд хуучин Засагт хан аймгийн халх хошуудаас хэд хэдийг зориудаар оруулж, угсаатны бүтэцэд өөрчлөлт оруулжээ. Энэ нь Коминтернийг хүнд байдалд оруулсан бөгөөд яг энэ үеэр Япон улс Манжуурыг эзлэн авч ЗХУ-ын Алс дорнодод аюул учруулж эхэлсэн тул Сталин БНДАУ-ын төслийг зогсоож, Монголд явуулж буй ажиллагаагаа түр орхихыг Коминтерний удирдлагаас шаардсан аж. Гэвч тэр үед Коминтерн Сталины гар хөл болоогүй байсан учир эрс эсэргүүцжээ. Дээрээс нь зүүнтэн З.Шижээ, Ө.Бадрах Черномордюк нарын увайгүй харгис нугалааг эсэргүүцсэн монголчууд 1932 онд бослого дэгдээв. Сталин Коминтерний шинэ удирдлагыг захирахаар болов. Гэндэн, Амар, Дэмид, Чойбалсан нар хүчээ авч удирдлага дахь зүүнтнүүдийг хөөн зайлуулав. Коминтерний Сибирь, Азийн салбарууд Бүгд Найрамдах Дөрвөд ард улсыг байгуулах энэ төслийг хэрэгжүүлэгч гол хүч болж төсөлийг 1925-1935 онд хэрэгжихдээ 3 сая алтан рубль зарцуулжээ. Эцэст нь Монголын хувь заяа их гэгчээр дэлхийн хоёрдугаар дайны дарийн утаа үнэртэж БНДАУ байгуулах төлөвлөгөөг коминтерн зогсоожээ. Харин Монгол улсын алс баруун хязгаар өнөөгийн Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн газар нутаг тэр чигээрээ Завхан, Говь-Алтайн баруун сумууд Тагна-Тувагийн эмгэнэлт хувь тавиланг давтах аюулаас аврагдсан юм.
СССР-ийн талд зүтгэсэн урвагчдын төгсгөл үхлээр дуусдаг!
З.Шижээ нь 1930 оноос МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа коминтерний илгээсэн мөнгөөр ёстой нэг гулгиж байсан гэхэд болно. Тэр үед З.Шижээ нь Хүрээнд өвөл, зуны гурван харштай, хувь албаны 5 машинтай хамгийн баян хувьсгалчийн нэг байжээ. Гэвч Москвагаас З.Шижээг 1937 онд дуудан баривчилж, 1941 онд СССР улсын хуулиар ялын дээд хэмжээ өгч цаазлажээ. Харин Ө.Бадрах нь 1932-1934 онд Эрүүлийг хамгаалах яамны сайдаар томилогдон ажиллаж байгаад 1934 онд хилс хэргээр ЗХУ-д цөлөгдөж, 1937 онд Бутыркийн шоронд цаазлагдсан байдаг. Хатуугаар хэлбэл Монголын баруун хязгаарыг тусгаар улс болгох гэж, Оросын талд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн урвагчдын төгсгөл үхлээр дуусдаг уламжлалтай гэдгийг түүх бидэнд сануулж байна
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.