2008 оны гуравдугаар сарын 05-ны хар өдөр гарсан хүн амины онц хүнд гэмт хэргээс хүргэе. Улсын начин П.Ганбаяр тэр өдөр их л сэтгэл хангалуун явжээ. Учир нь Дамбадаржаа, Дарь-Эхийн автобусны төв буудлын дэргэд барьсан гурван давхар үйлдвэр үйлчилгээний зориулалттай байшингийх нь засал чимэглэлийн ажил үндсэндээ дуусч сэтгэл тэнийх шиг болов. Тэрбээр эхнэр Энхтуяадаа хандаж “Энэ байшинг барих гэж чи минь ч их ядарлаа, би ч бас зүдэрлээ. Одоо хоёулаа сайхан амьдарнаа. Энэ байшингийхаа гурван давхарт нь өөрсдөө амьдарчихъя, нэг, хоёр давхарт нь үйлчилгээний газар болгочихъё, харин хойд талын зааланд нь бялдаржуулах төв, бөхийн секц хийчихье. Одоо эмэгтэйчүүдийн баяр болох нээ. Би чамайгаа маргааш нэг сайхан баярлуулна. Оройдоо Дархан явж тэндэх ажлаа цэгцлээд ирье” гээд явсан нь Ганбаяр начны хувьд эхнэртээ хэлсэн энэрэл хайрынх нь эцсийн үг байсан юм. Гэвч тэр өдөр тэднийх уйтгар гунигийн далайд живжээ. Хоймор нь эзгүйрсэн айл, хоолой нь зангирсан бэлэвсэн гэргий, эцгээ алдаж өнчирсөн хүүхэд элгээ эмтлэн хоцорцгоожээ. Үхэхэд нь хоолойг нь багалзуурдсан нүгэлт цагдаагийн сарвуу үлдэгсэдийн зүрхийг ч амьдаар нь базжээ.

Энэ эмгэнэлт хүн амины хэрэг 2008 оны гуравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд болсон юм. Аравдугаар хорооллын “Мөнгөн тойг” ресторанд наргиж, цэнгэж, архи дарс хоол унд болж байсан цагдаагийн гэх /3 эрэгтэй, 2 эмэгтэй/ офицеруудтай маргалдав. Согтуу цагдаагийн офицерууд ялт этгээдтэй харьцаж байгаа аятай начин П.Ганбаярыг “тарган гахай, тэнэг балай” гэхчилэн элдвээр дайрч давшилсан нь түүнийг үхлийнх нь газар авчирсан гэхэд болно. Цагдаагийн томчуудтай маргалдаж “шургуунд” орсон П.Ганбаярыг эрүүлжүүлэх байранд авчрахад нөгөө хэд ч бас дагаад иржээ. Зүгээр архи ууж яваад эрүүлжүүлэхэд орсон бол яалтай билээ. Гэтэл “дээрээс” тамлах даалгавар авсан эрүүлжүүлэхийн харгис цагдаа нар П.Ганбаярыг тамлаж таашаал авах ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүнийг цагдаа нар хэрцгийгээр зодсныг талийгаачийн ах Б.Ганхүү тэр өдөр эрүүлжүүлэхэд орсон бүх гэрчүүдтэй уулзаж мэдсэн байдаг. Б.Ганхүү “Миний муу дүүг гарыг нь гавлаж, хөлийг хөдлөх аргагүй чивчиртэл хүлж, гавтай гарыг нь толгой дээгүүр нь давуулж, хүлээтэй хөлтэй нь нумалж татаад, зөвхөн хүн тамлахад л хэрэглэдэг “гяндан хүлээс” гэгчийг хэрэглэсэн байгаа юм даа. Нүдэж, зодож, яргалж, тамлах нь ч дүүрчээ, ядаж амьд үлдээчихгүй дээ” гэж хэлээд нүднийх нь нулимс цийлэгнэж байв.
Хүн алдаг, хүн тамалдаг тэр яргын гэх тодотголтой “гяндан хүлээс” гэгчийг дэлхийн II дайны үед Германы хорих лагеруудад хэрэглэж байсан, манайд 37 оны хэлмэгдүүлэлтийн үед хүн тамлахдаа ашиглаж байснаас “Гяндан хүлээс” гэж алдаршсан. П.Ганхүү цааш ярихдаа, “Дүүгийн маань амь насыг бүрэлгэхдээ бодитойгоор хэрэглэсэн хүн тамладаг хүлээсээрээ номхруулж хөдлөхийн аргагүй болгож байгаад цус нөжтэй нь хольж, нүдэж зодож алчихаад, цус нь тогтохгүй шалан дээр тунараад байхаар нь өмсөж явсан подволкоор нь арчаад нуучихсан. Хэргийн газрын үзлэгт эд мөрийн баримт болгож цус арчсан цамцыг /подволк/ гарч ирээгүй. Одоо болтол тэр эд мөрийн баримт болсон цамц байхгүй хэрэг бүртгэлийн шатанд ч энэ талаар огт шалгаж тодруулаагүй” гэжээ.
Гэрч Д.Мөнх, С.Батгэрэл, Л.Ганзориг, Ц.Чинбат, У.Батзориг нарын мэдүүлэгт,
-Талийгаач цагдаагийнхны өмнөөс ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй, харин “Хүн байна уу, туслаач эд нар чинь намайг аллаа шүү дээ?” гэж бахирч байсан. Эрүүлжүүлэгдэж байсан хүмүүс ч “хүн аллаа шүү дээ, болиоч ээ” гэж сануулсаар байтал цагдаа нар үл тоомсорлон хохирогчийг зодсоор, тарчлаан тамлаж цус нөжтэй нь хольсон тухай мэдүүлэг өгчээ.
2008 оны аравдугаар сарын 16-нд улсын начин П.Ганбаярын амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүн таслах ажиллагаа бодитоор нотолжээ. Шүүх хурлыг нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч X.Батбаяр даргалав. Прокурорын газраас ЭХ-ийн 91-р зүйлийн 2-оор буюу санаатайгаар бусдын амийг хөнөөсөн яллагдагч С.Бат-Очир, С.Ганзориг, Р.Цогбадрах, У.Золзаяа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв. БГД-ийн шүүх мөн өдрийн 312 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор С.Бат-Очирын бусдыг болгоомжгүйгээс алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 91-2 зүйлийг 94-ийн 1-ээр зүйлчилж 5 жилийн хорих ял оноож, яллагдагч С.Ганзориг, Р.Цогбадрах, У.Золзаяа нарыг уг хэрэгт холбогдолгүй гэж цагаатгажээ. Дээрх яллагдагч нар нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө бүгд л “П.Ганбаярын хувцсыг тайлах явцад Ганбаяр өөрөө аль хэдийнэ үхчихсэн байсан. Бид албан үүргээ л гүйцэтгэж байсан” улайм цайм худал мэдүүлэг өгсөн байдаг. Ганбаярыг нүдэж, зодож, хоолой, амыг нь боож, цус нөжтэй нь хольж, хүлж үхэлд хүргэсэн гурван цагдаа шүүхийн өмнө худлаа мэдүүлээд зогсохгүй “Мөрдөнд хэд хоносон чинь цагдаа гэдгээр маань дарамтлаад хэцүү юм. Хөнгөн ял шийтгэл оноож өгөөч” гээд шүүхээс царай алдан, нулимс дуслуулан гуйж байв. Яллагдагч Бат-Очирын өмгөөлөгч С.Жанцан “Эрүүлжигдсэн хүмүүс бол нийгмийн хог шаар, бүтэлгүй амьтад нүхэн хонгилд байдаг хүмүүс. Цугараа архичин, архины мөнгө өгвөл юу гэж худлаа хэлж чадна. Тэдний үгэнд итгэх хэрэггүй” гэж мэлзлээ. “Хүн аллаа ш дээ, болиоч” гэж эрүүлжүүлэх байранд байсан 40 гаруй хүн нэгэн зэрэг хашгирч байсан тухайгаа өчиг мэдүүлэг өгсөн гэрчүүдээс ганцыг нь ч шүүх хуралд оруулалгүй нь дээрээс “дэглэсэн жүжиг” байлаа. Энд нэг ноцтой сэжүүр гарч ирсэн юм.
...Талийгаачийн хувцсыг тайлахад начин Ганбаяр эсэргүүцэл үзүүлээгүй гэдгийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан бүх гэрч гэрчилжээ. Хүний аминд хүрэх үйлдэл талийгаачийг шалдалж нүцгэлсний дараа эхэлсэн байна. Хохирогчийн хувцасыг тайлах гэж гарт нь гав хийсэн гэж цагдаа нарын мэдүүлэг нь үнэнд огт нийцэхгүй байна. Хөлийг нь хүлээд гарыг нь гавлачихсан юм бол хувцсыг нь яаж тайлах вэ? Хэрэв хохирогчийг алах гээгүй юм бол нэгэнт нүцгэлчихсэн хүнээ хүлж, гавлаж нүдэж, зодож цус нөжтэй нь хутгах хэрэг байсан уу? Талийгаач “үхлээ” гэж хашгирч байхад, гэрч нар “хүн аллаа” гэж сануулсаар байтал дөрвөн цагдаа улай үзсэн хэрээ шиг талийгаач руу дайрч байсан гэдэг. Гэрчүүд ийн мэдүүлж байхад шүүхээс “Болгоомжгүйгээс хүний амь нас хохироосон” гэх зүйл ангиар яллаж болдог юм уу?! “Би үхлээ шүү дээ” гээд хашгирч байсан талийгаач цагдаа нараас “Миний амийг авраач” хэмээн өршөөл гуйхтай агаар нэгэн бус уу? Хүн алах гэж улайрсаар байгаад хүний аминд хүрсэн цагдаа нар яахлаараа цагаатгагдаж ял зэмгүй өнгөрдөг билээ. Үхсэн хүн үг хэлдэггүй учир үхсэний хохь, амьдын зол болдог юм байжээ. Үлдэж хоцорсон гэрчүүдийн өчиг мэдүүлгийг үл тоомсорлон нэг талыг баримтлан хэргийг хүн алсан яллагдагч нарын талд шийдвэрлэсэнд ар гэрийнхэн өнөөдрийг хүртэл гомдолтой явдаг.