ДӨЧИН МЯНГАТЫН АТАМАНУУДЫН НЭГ С.ХИШИГБУЯН




Дөчин мянгатын атаман “үлэмж” биетэй Самбуугийн Хишигбуян нь 1957 онд төрсөн. Түүнийг дүрсэлж хэлбэл боксчин Хичээнгүй шиг том биетэй, булчин шөрмөс нь зангирсан, тас хар хөмсөгтэй царайлаг залуу байжээ. Багцаагаар 190-195 см-ын хооронд байсан гэдэг. 1965 онд 10 жилийн 23-р сургуульд суралцаад 1971 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн уран зургийн ангид орж суралцсан байдаг. Багаасаа зураг зурах авьяастай хүүхэд байлаа. Харамсалтай нь 1973 онд хэрэгт холбогдсоноор Дүрслэхийн сургуулиа төгсч чадаагүй зураачийн мэргэжлээ орхисон юм. Юу болсон бэ гэхээр Хишигбуян гэртээ зураг зураад сууж байтал Сансарт байдаг найз ойролцоох байгууллагын жижүүрээс утасдаж “Намайг энд хэдэн залуу дээрэлхээд байна. Чи хүрээд ирээч?” гэж гуйсан байгаа юм. Хишигбуян зурж байсан зургаа орхиод Сансарт очтол тав зургаан залуу найзыг нь дээрэлхээд, хоргоогоод явуулахгүй байж байх нь тэр. Хишигбуян очоод хэл амаараа учраа олох гэсэн боловч тэдний нэг нь хутга гаргаж ирээд түүний өөдөөс галзуу арслан шиг дайрчээ. Хишигбуян ч багаасаа хөдөлгөөнтэй боксоор хичээллэдэг хүүхэд байсан тул барилцаж аваад, нөгөө залуугийг хутгыг нь булааж аваад зөрүүлээд хутгалчихаж. Ингээд тэр Ганцхудагийн мөрдөнд дөрвөн сар гаруй хоригдож, халхын атаман болох замналаа эхлүүлжээ. Энэ хэрэгтээ тэрээр гурван жилийн ял аваад Дарьтын колонид очсон байдаг. Тэгээд жил зургаан сар ял эдлээд колониос суллагдан гарч ирчээ. Хишигбуян 1976 онд цэрэгт явсан боловч, дээд оныхонтойгоо байнга нүдэлдсээр 1978 онд бас л зодоон нүдээний хэрэгт холбогдсон байна. Гэхдээ бас л бусдыг өмөөрч байгаад өөрөө хохирсон байдаг. Тэр үед 40 мянгатынхаа хүүхдийг өмөөрөөд бас л тав зургаан хал цэрэгтэй зодолдсон юм билээ. Өөрөө асман цэрэг байжээ. Тэгээд л тав зургаан хал цэргийг архи уугаад сууж байхад нь явж ороод “Та нар манай 40 мянгатын хүүхдийг яагаад дээрэлхээд байгаа юм бэ. Мөнгө төгрөгийг нь буцааж өг!” гэж л дээ. Тэгтэл тэдний нэг нь Хишигбуянгийн араас гэтэж байгаад ар дагз руу нь архины шилээр цохиж үүнээс болж Хишигбуян нөгөө тав зургаан хал цэргийг бүгдийг нь барьж авч зодоод нэг цэргийг нь бүр архитай шилээр цохиж гэмтээснээр бөөн асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр давтан хэргээр Улаан армиас хар армид Мааньтын шоронд очсон юм. Хишигбуян энэ цаг үеээс л буруу замаар орчихсон юм. Хишигбуян нь уг нь сэтгэл сайхантай шударга нөхөрсөг бусдад тусархаг хүн байсан юм. Үүн дээр зориг зүрхтэй гэж жигтэйхэн. Гэвч энэ зориг зүрх нь түүнийг жаахан буруу зам руу хөтөлчихсөн юм даа. Хэрвээ дүрслэх урлагийн сургуулиа төгсөөд зөв замаар явсан бол гайхалтай уран бүтээлч болох байсан байх. Мөрдөнд байхдаа сахарын хайрцган дээр хөзөр зураад хүмүүст өгдөг, Ганц худагийн хянагч нар хүртэл түүгээр хөзөр болон янз бүрийн юм зуруулдаг байлаа. 1982 онд Хишигбуян бас л бусдын өмнөөс шоронд орсон юм. Сайн найзынх нь дүүгийн малгайг 40н мянгатын хоёр залуу дээрэмдчихэж. Тэгээд Хишигбуян дээр очоод миний малгайг аваад өгөөч гэж гуйхаар нь Хишигбуян нөгөө 2 залуу дээр очоод малгайг нь нэхтэл аль хэдийн зарчихсан байж. Хишигбуян ч 40н мянгатдаа нэр хүндтэй атаман болсон байсан учир нөгөө хоёр залууг “За та хоёр ямар ч гэсэн өөрсдөөсөө мөнгө гаргаад малгай авч өгч манай найзын дүүг хохиролгүй болго” гэсэн байна. Гэтэл нөгөө хоёр чинь айлаас юм хулгайлж зараад малгай аваад өгчихөж. Төдөлгүй хулгайн хэрэг нь илэрснээр нөгөө хоёр чинь Хишигбуян биднийг дарамталж хулгай хийлгэсэн гээд цагдаад мэдүүлчихсэн байгаа юм. Ингээд Хишигбуян хүн дарамталж хулгай хийлгэсэн гэдгээр мөрдөнд хоригдсон юм. Дараа нь гарч ирээд нөгөө хоёр нөхөртэйгөө архидаж байгаад “Та нар хүн матаж шоронд хийлгэдэг ёстой өөдгүй хулгайчууд” гээд барьж авч цустай нь хольсон байгаа юм. Энэ хэргээрээ Хишигбуян Мааньтын шорон руу ачигдсан юм. Хишигбуян сайндаа ч тэр хоёртой архидаагүй юм. Цаад 2 нь Хишигбуянгаас айсандаа болоод архи авч өгч долигоносон байгаа юм. Ер нь Хишигбуян дандаа ингэж бусдын өмнөөс орон шоронд орж байсан хүн. Үүнийг найз нөхөд нь ч баталдаг. Жинхэнэ эр хүн шиг эр хүн дээ гэж. 1987 онд Хишигбуян шоронгоос гарч ирээд их томоожсон юм. 1987 оноос 1990 он хүртэл өөрийнхөө оюун ухааныг дайчилж их ч зүйл сурч мэдсэн гэдэг. Ажил хийж амьдрахын төлөө бас чадах ядахаараа зүтгэж байжээ. Ямар сайндаа л хүнд машин механизмын автокраны ангийг төгсч байжээ. Мөн япон хэлний анхны курсыг төгссөнөөр японоор чөлөөтэй уншиж бичдэг болсон байна. Нэг өдөр гудамжинд тоосондоо даруулсан машин байхаар нь ЗХУ-д үйлдвэрлэсэн энэ машин тоосондоо дарагдаад яасан муухай юм бэ гээд японоор биччихэж л дээ. Тэгтэл энэ нь том асуудал болж дэгдсэн байна. Цагдаа нар үүнийг хятад бичиг байна гэж эндүүрээд тагнуул энэ тэр гэж Хишигбуяныг баривчилж аваад 72-т суулгаж байсан юм. Хишигбуян Улсын их дэлгүүрийн зүүн талын 1-р байранд байсан юм. Хишигбуянгийн сайн найзууд гэвэл Жудо Цогоо, Хагархай Тамир, Геркес, Паль Баяраа, Зуундарь, Бацаан Зоригоо нар байлаа. Хишигбуян нь 40 мянгатдаа бүлгээрээ зодолддоггүй энд тэнд ганцаараа очоод зодолддог их зоригтой эр байсан гэдэг. Энд тэндхийн атамануудтай зодолдлоо гэхэд ганц цохиод л нам болгодог лут чадалтай гартай залуу байсан гэдэг. Тэгээд зодоон нүдээний хэргээр 2-3 ч удаа шоронд орсон юм. Шоронд очоод хэнд ч дээрэлхүүлж үзээгүй гэдэг. *40 мянгатын Хишигбуян* гэхээр шоронгийн ямар ч хулгар овгор хулгайч нар мэддэг тийм л нэртэй эр байсан гэдэг. Хишигбуян нь шоронгоос гараад архинд нэлээн гүн орсон гэдэг. Учир нь түүний эхнэр Унгар луу явчихсан тэндээ бүр цыган эртэй суучихсан байжээ. Үүнээс болж Хишигбуян архи ихээр уух болсон гэдэг. Хишигбуян өөд болохын урд орой Янгир рестораны цагдаа нарт зодуулсан гэдэг. Тэгээд маргааш өдөр нь *БӨМБӨГӨР* худалдааны төв дээр Ганболд гэдэг найзтайгаа шараа тайлж байгаад шилтэй архинаас нэг балгаад л урт амьсгаа аваад босоогоороо нас барсан гэдэг. Нас барсных нь дараа 40 мянгатын хороон дарга Доржхорлоо Хишигбуянгийн ах Борд “Дүү чинь босоогоороо нас барсан. Жинхэнэ эр хүн байсан шүү!” гэж хэлсэн гэдэг.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=