ХУУЛЬЧ Г.ЭРДЭНЭБАТ: С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ УРДААС МАШ НАРИЙН ТӨЛӨВЛӨСӨН БАЙСАН


Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурлаас санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилдог. УИХ-ын даргаас Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа аж. ТББХ-ны хуралдаанд оролцсон 21 гишүүний 85.7 хувийн саналаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжээ. Ингээд нэгэн үе туг барьж, тугал хариулж явсан хуульч Г.Эрдэнэбат гэж хэн бэ? гэдгийг тодруулъя.

С.Зоригийн амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн эзэд хэсэгтээ шуугиан тарьсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, мөн О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Улсын дээд шүүхээс шүүгдэгчдийн 25 жилийн хорих ялыг 24 жил болгон бууруулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл ХЗДХ-ийн сайд, гишүүн Ц.Нямдорж үсэрч гарч ирээд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг шоронд эргэж тойрон, сайн дураараа өмгөөлөн хэргийг хэрэгсэхгүй болгох ажлыг гардан зохион байгуулсан. ТЕГ-ын дарга асан Б.Хурц ярилцлагандаа “Ц.Нямдорж гэдэг хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийг 6 удаа тараасан. Ц.Нямдорж бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн жинхэнэ эзэд, тэдний захиалагч олдох вий гэхээс үхтлээ айдаг хүн!” гэжээ. Мөн 1996-2000 оны хооронд ШШБЕГ-ын дэд дарга, Хорих ял эдлүүлэх ангийн дарга, хурандаа Л.Санжаасүрэн хожим С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Дамирангийн Энхбатын өмгөөлөгчөөр ажиллаж, өмгөөлөл үзүүлснийхээ төлөө шоронд орсон юм. ХЗДХ-ийн сайд байхдаа Ц.Нямдорж “Тэр муу хулгайч Дамирангийн Энхбатын хурууг нь таслаад С.Зоригийн хэргийг хүлээлгээч!” гэж доод тушаалын алба хаагчид үүрэг өгч байсан мэдээллийг Л.Санжаасүрэн сэтгүүлчдэд ярьсан. Улсын нууцад орсон хэргийг нийтэд дэлгэсэн гэдэг үндэслэлээр түүнд 2 жилийн хорих ял оноох ажлыг До яамны сайд дээрээс өгсөн билээ. Мөн дээрх гурван алуурчны хэрэгт хяналт тавьж байсан прокурор Г.Эрдэнэбат ч мөн ялгаагүй шүүхээс ял сонссон байдаг. Хуульч Г.Эрдэнэбат С.Зоригийн хэргийн талаар,
-С.Зоригийн хэрэг бол урдаас маш нарийн төлөвлөсөн ноцтой хэрэг. Төрийн сайд, гишүүн хүнийг хөнөөлгөхдөө орон нутгаас гурван бүтэлгүй, доожоогүй “амьтан”-д захиалга өгсөн гэхээр хэн ч үнэмшихгүй. Нөгөө гурав нь хүн хөнөөх зэвсэг олдоогүй юм шиг очиж очиж гутлын үдээсээр хүлээд байхдаа яахав дээ гэж нийгэм хүлээж авах ёстой байв. С.Зоригийн аллагын захиалагч гэхээр бөөрөнхий хар шилтэй Леон алуурчин байна гэж боддог. Эсвэл нийгэмд онц ноцтой хэрэг үйлдэж нэр цууд гарсан, алуурчин төрхтэй этгээдүүдийг өмнөө нэг эгнээнд зогсоогоод “Чи, чи энэ нөхрийг нухчихаад ир!” гэж үүрэг өгсөн байх гэж хүмүүс төсөөлдөг. Захиалга бол дам, дамаа бие биедээ үүрэг өгч ойрын харилцаанаас өгсөн. Энэ хэргийн захиалагчид урдаас маш нарийн тооцоолж, төлөвлөсөн. Арванзургаан настай хүүхдийг яах гэж тэд дагуулж явсан бэ? Тухайн үеийн хуулиар 16 настай хүүхэд бусдын амь насыг хөнөөвөл цаазын ял, олон жилийн хорих ял авахгүй. С.Зоригийн амь насыг хөнөөхөд оролцох хүмүүс 1998 оны Цагдаагийн байгуулагын хар дансанд ороогүй энгийн нэгэн хүмүүс байх ёстой. Цагдаа, тагнуул хайгаад ч олох боломжгүй хүмүүсийг сонгосон байдаг. Урд өмнө ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй 16 настай хүү, хөдөөний эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэн хардах билээ. Хэзээ ч ийм хүмүүс, төр нийгмийн зүтгэлтэнг зэрлэг харгис аргаар хөнөөхгүй гэдэг нийгмийн сэтгэл зүйн дээр эдгээр гурван хүнийг сонгосон байдаг гэжээ.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг УИХ-д байгуулагдаж, ахлагчаар нь гишүүн М.Зэнээ ажиллаж байсан. М.Зэнээ 1999 оны хоёрдугаар сард энэ талаар “Өдрийн сонинд” ярилцага өгөхдөө,
-С.Зоригийн амь насыг улстөр, бизнесийн бүлэглэл, хүчний байгууллагын оролцоотой хийсэн юм билээ гэж хэлсэн үг хэргийг шалгаж байсан прокурор Г.Эрдэнэбатын “Дам дамаа дээрээс үүрэг өгч, нарийн төлөвлөсөн” гэдэг үгтэй тохирч байх шиг. Тэр үед хамгийн баян хүн хэн байв? Хуулийн түлхүүрийг хэн атгаж байв? гэдгийг бодох хэрэгтэй. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 120 гаруй хүнийг дайчлан баривчилж, Ганцхудагт цагдан хорьсон. Оюунаа, Батаа нэртэй гэр бүлийн хүмүүсийг хүртэл хомроглон хорьж, шалгаж байсан гэдэг. Хамгийн хачирхалтай сэжигтэн “Гомо” Н.Нараа буюу Насандолгорын Наранбаатарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ганцхудагийн мөрдөнд нэг сар хорьж, шалгагдаад суллаж байсан түүхтэй. “Шар хэвлэл”-ийн баатар гэгддэг Н.Наранбаатар С.Зоригийн хэрэгт холбогдсон талаараа 2017 онд “Одоо цаг” сонинд ярилцага өгөхдөө,
-Намайг С.Зоригийн аллагад холбох болсон шалтгаан их энгийн. Талийгаачийг бусдад олон удаа хутгалуулж алуулахаас нэг хоногийн өмнө улстөр судлаач Л.Эрдэнэтуул, Б.Булган /С.Зоригийн эхнэр/ бид гурав 220 мянгат дахь С.Зориг агсны гэрт архидсан юм. Тэр үед нөхөр нь гэртээ байгаагүй. Миний хувьд Б.Булганыг хар багийн таньдаг, хааяа ганц нэг шил архи ууж явсан найзууд. Бид гурвыг уугаад сууж байтал гаднаас хөдөөний бололтой эрэгтэй, эмэгтэй хоёр шуудай хонины махтай орж ирээд тавуулаа нэмж уусан. Мах чанаж идээд ярьж хөөрч байгаад би Б.Булганаас таксины 5 мянган төгрөг аваад явсан. Гэтэл маргааш нь С.Зориг алуулж, намайг шууд Ганцхудагт хорьсон гэжээ. Төрийн түшээгийн эхнэр Б.Булганы хувьд уулаа идлээ гэхэд “Гомо” Н.Нарааг гэртээ оруулж архидана гэдэг сонин санагдаж байгаа юм
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=