ХИЛЭЭ НЭЭСЭН 10 УЛС МОНГОЛ ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ ГАРГАЖЭЭ


Манай улс  коронавирусийн цар тахалтай холбоотойгоор агаар болон газрын хилээ тодорхой хугацаанд хаасан бөгөөд өнгөрсөн долоо хоногоос албан ёсоор нээлээ. Одоогийн байдлаар 10 улстай агаарын хилээ харилцан нээгээд байгаа бөгөөд манай улсын халдварын тархалтын эрсдэл өндөр байгаа учир ихэнх улс орон монгол иргэдийн виз мэдүүлэх,  хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан хэвээр байгаа юм.

Иймд хилээ нээгээд буй 10 улс руу монгол иргэд хэрхэн зорчих талаар журам гаргажээ.  

ТУРК

Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд Covid-19 халдварын шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд ирэхээсээ өмнө  72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.

ГРЕК 

PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг  жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.

ЭНЭТХЭГ

Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ. Харин  нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ  хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана. Covid-19 халдварын мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг Энэтхэг улсын хилээр нэвтрүүлэхгүй. 

КИРГИЗ

72 цагийн өмнө PCR шинжилгээ  өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.

ТАЙЛАНД

Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.

ИНДОНЕЗ 

72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд  тав хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.

АМЕРИК

PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч  шинжилгээ өгсөн байна) Сүүлийн гурван сарын хугацаанд Covid-19 халдвараар  өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.

БРАЗИЛ

Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.

ЭМИРАТ

PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр Эмиратийн нэвтрүүлэхгүй.

ЕГИПЕТ

72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Жуулчны виз олгож байгаа бөгөөд хил нэвтрэх иргэдийг 14 хоног тусгаарлан хяналт тавьж ажиглана.

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.