"ЗӨВ АМЬДРАХ УХААН" ТӨВИЙН Г.ЗАГДААГИЙН ҮЙЛДСЭН ЭРҮҮГИЙН 017960878 ТООТ ХЭРГЭЭС


/Г.Загдаа хоёр бүсгүйг ээлжлэн хүчиндэж байхад, эхнэр Г.Амарсайхан нь Д.Халиун, Б.Энхмаа хоёрыг алгадаж “Юун сүртэй юм бэ? Цагдаад хэлбэл хохь нь шүү!” гэж дарамталжээ/
“Зөв амьдрах ухаан” ТТБ-ын тэргүүн Г.Загдаа, эхнэр дэд тэргүүн Г.Амарсайхан нарт холбогдох 017960878 тоот дугаартай эрүүгийн жигшүүрт хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцжээ. Шат шатны шүүхээр Г.Загдаагийн үйлдсэн нүгэлт хэргүүд батлагдсан ч тэд өдгөө хийсэн хэргээ үгүйсгэж, өөрсдийгөө өмгөөлөн хамгаалж суудаг. “Зөв амьдрах ухаан” нэртэй түүний вант улс дотор одоо юу болж байгааг бид мэдэх боломжгүй юм. Ингээд шүүхийн хэлэлцүүлгийг хүргэе.
Шоронгоос гарч ирснийхээ дараа Г.Загдаа нь арван цагаан буяныхаа замаар орж, БЗД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 1-19 тоотод байрлах “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг байгуулж, ядарсан зүдэрсэн, орон гэргүй хүмүүсийг бөөгнүүлэн халамжлах ажилдаа оржээ. Тэрбээр 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг урьж, хулхин дээр нь цэцэг ургуулан олон сая төгрөг төрөөс авахаар тохирч, улс орон даяар шуугиулж байсан. Гэхдээ л шоронгийн хулгайчийн санаа цаанаа нэг ёозгүй гэдгийн үлгэрээр Г.Загдаа бол ёстой л нэг хонины арьс нөмөрсөн чоно байсан юм. Ингэхдээ Г.Загдаа нь орон гэргүй, тэнэмэл хүмүүсийн нэрээр улсаас олон зуун сая төгрөг хувьдаа завшихаас гадна бусдыг хүчирхийлж, ажлын байрны бэлгийн дарамтанд оруулж байсан нь мөрдөн байцаалт, гэрч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогджээ. Жишээ нь хохирогч Д.Халиуныг хүчиндэхийн өмнө Г.Загдаа “Би чинь Шархадны данстай, хэрэг хүлээх чадваргүй хүн шүү дээ. Чи цагдаад хандаж болно. Тэд чинь намайг яах ч үгүй. Харин би Шархадны Хурцын тасагт хэд хоног хэвтэж гарч ирээд чиний хүүхдийг яаж ч мэднэ дээ” гэж шорон зангаар дарамтлан хөөрхий бүсгүйг гурван удаа хүчиндэж, бузар дур хүслээ хангасан байдаг. Өөрийнхөө охин шиг насны Халиунааг хүчиндээд Г.Загдаагийн дур хүсэл ханасангүй. Тэрбээр 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Энхмааг “Чи муу хүүхдээ хаяад зугтаасан. Чамайг цагдаад матахад чи дор хаяж 5 жил торны цаана сууна” хэмээн улигт муу аргаараа дарамталж эхэлжээ. Гэвч Б.Энхмаа түүний бузар санааг ойлгож хэрдээ эсэргүүцэл үзүүлэв. Гэвч шар сэмжилсэн эр “Гичийг сургаад өгнө дөө” хэмээн шүд зууж, Б.Энхмааг цахилгаан бороохойгоор тогонд цохиулан дарамталж, бэлгийн харьцаанд орж бах таваа хангасан нь хөдөлшгүй баримтаар нотлогджээ. Хоёр бүсгүй Г.Загдаад бузарлуулсандаа гомдож цагдаад хандах, мөн “Зөв амьдрах ухаан” нэртэй тамлалын газраас оргохоор зэхэж байгаад эздэд нь баригдсан байдаг. Г.Загдаа нь “Та нар халхын хавтгайгаас зайлаад миний савраас гарч чадахгүй шүү!” гэж Д.Халиун, Б.Энхмаа нарыг автомашин засварын нүхэнд оруулж, харгис хэрцгий, догшин авирлаж тарчлаан зодож байсныг гэрчүүд мэдүүлжээ. Мөн хохирогч Ж.Сандагдорж энэ бүхнийг нүдээр үзэж, хөөрхий бүсгүйчүүдийг өмөөрснийхөө төлөө эзнийхээ есөн эрүүг туулсан байдаг.
Мөн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхантай бүлэглэн хохирогч Д.Халиун, Ж.Сандагдорж, Х.Наянчулуун, Г.Отгонбилэг, Б.Ганхүү, Ж.Энх-Амгалан, Ш.Галтхүү, Ш.Мөнхтуяа, Э.Нэргүй тэргүүтэй 18 хүний “нийгмийн халамжийн тэтгэвэр”, “тэтгэмж, тусламжийн дэвтэр”, “жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн дэвтэр”, “банкны цахим карт, нийгмийн халамжийн тэтгэврийн дэвтэр” зэрэг баримт бичгүүдийг нь хураан авч, хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд нь ноцтой халджээ. Ерөнхийдөө гаднаа “Зөв амьдрах ухаан” хаягтай энэхүү бичил хотхонд хүний ёсноос гадуур тамлал, хэрцгийлэл олонтаа гарч байсныг хохирогчид нулимс унаган мэдүүлэв. Садист, секс донтон Г.Загдаагийн гарын шүүс болохгүйн тулд зарим хүмүүс цагдаад дуудлага өгчээ. “Зөв амьдрах ухаан” ТББ-ын дотор дуудлагын дагуу очсон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.Амартүвшинг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодон хөнгөн гэмтэл учруулсан. Мөн “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаан дотор байнга гардаг балмад, харгис байдлыг хөндлөнгөөс харж байсан тус хорооны иргэн О.Баттөгсийг үнэн үг хэлсний төлөө Г.Загдаа санаатайгаар бие махбодид нь гэмтэл учруулсан байдаг. Тус ТББ-ын харъяанд байсан хүмүүсийн дунд “Г.Загдаа чинь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуурай ах нь. Тиймээс Г.Загдааг хууль, цагдаа яаж ч чадахгүй” гэсэн яриа дэгдээв. Ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх Г.Загдаагийн байгуулсан хотхонд очиод гар хөлийг нь үнсэхээс наагуур аашилж, магтаж “Энэ хүн бол ёстой мундаг ажил бүтээжээ. Та нар Г.Загдаа гуайн яриад байгаа 300 сая төгрөгийг нь хурдан шийдэж өг” гэх бичлэг ч бий. Г.Загдаа хожим нь “Хүрэлсүхийн хуурай ах” хэмээн онгирч, БЗД-ийн ЗДТ-ын газрын байранд иргэн Г.Мянганбаярыг цохиж, өшиглөх зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг.
Мөн хохирогч Д.Халиун олон нийтэд зориулсан хэвлэлийн бага хурал зарлан Г.Загдаад хэд хэдэн удаа хүчиндүүлсэн. Хүчиндүүлэх явцдаа гар утсаараа бичлэг хийсэн талаараа ярьсан удаатай. Яг ийм дүрс бичлэгийг ч гэсэн Г.Загдаад хүчиндүүлсэн хоёр дахь бүсгүй гар утсаараа бичсэн хөдлөшгүй баримт бий. Харин энэ тухай шүүгдэгч Г.Амарсайхан эсэргүүцэн мэдүүлэхдээ,
-Миний нөхөр яалаа гэж тийм бузар хэрэг үйлдэх билээ. Би ч гэсэн “Зөв амьдрах ухаан”-ыг бараадаж ирсэн хүмүүстэй зүй бус харьцаж байсан удаагүй. Чадах ядахаараа тэдэнд тусалж дэмжиж байсныг хүмүүс мэднэ. Тэр хүн хийж тамладаг машин засварын нүхнийх нь таг 70 орчим кг. Би бол тэрийг даахгүй хэмээн худлаа ярих гээд хулгайгаа ярьдгийн үлгэрээр өөрийгөө бариад өгчихсөн юм. Хавтаст хэрэгт хохирогч бүсгүй Д.Халиун
...Эхнэр нь эзгүй байхад намайг эмнэлэгт дуудсан. Яваад ортол хөшгөө хааж, хаалгаа түгжсэн. Эмнэлгийн ор руу түлхээд “Би Шархадны данстай, надад хууль үйлчлэхгүй” гэх мэтээр айлган сүрдүүлж, эсэргүүцэл үзүүлэхэд шанаан тус газар цохиж, үсдэж хана мөргүүлэн, ор луу түлхэн, өмд дотоож давхраар нь тайлан хүчиндсэн. Хүчиндэж байхдаа “Хүүхдийг чинь би яаж ч чадна шүү. Энэ байгаа хүүхнүүд надтай эвгүй харьцаад хөөгдөхөөрөө хүүхдээ авч явж чадахгүй байгаа биз дээ” гэж дарамталсан. Нэг үгээр хүүхдээр маань намайг барьцаалж, дур хүслээ хангасан. Дараа нь бас хүчиндэх гэхээр нь би гар утсаараа бичлэг хийсэн чинь үсдэж зодоод чирж гарган машин засдаг дөрвөлжин нүхэнд хорьсон. Төмрөн тагийг нь лоомоор гөжин таглаж байхдаа “Үгэнд орохгүй хүнийг ингэж хашраадаг юм” хэмээн шоолон хөхөрч байсан. Амралтын өдөр дуудан өөр газар хүчиндэж байсан удаатай. Тэгээд намайг дахиад хүчиндэж байхыг жолооч Хөлөгөө гэдэг ах харж байсан гэж мэдүүлжээ. Гайхалтай нь нөхөр нь хоёрын хоёр бүсгүйг хүч хэрэглэн хүчиндэж байхад эхнэр Г.Амарсайхан нь “Юун сүртэй юм бэ. Цагдаад хэлбэл хохь нь шүү!” гэж алгадаж, дарамталж байсан аж. Гэвч нүгэл нүдээрээ гэдгийн үлгэрээр шорон аргаараа тэнэмэл, орон гэргүй хүмүүсийн хөлсийг мөлжиж, улсаас мөнгө зувчуулан, охид, эмэгтэйчүүдийг хүчиндэж, тамлаж байсан Г.Загдаа 6,2 жил, Г.Амарсайханд 1 жилийн хорих ял оноосон нь ёстой л нүдээ олсон шийтгэл байсан юм.
Өдгөө шоронгоос суллагдсан Г.Загдаа засарч хүмүүжих нь юу л бол. “Зөв амьдрах ухаан” ТТБ нэртэй энэ газар хүчирхийлэл, дарамт, зодуур гээд хүний ёсноос гадуур зүйл болж байгаа эсэх дээр харъяа дүүргийн дагуу цагдаагийн хэлтэс хяналт тавьж байхыг Horiotoi.mn сануулж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=