ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН, ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ҮҮЛДРИЙН ТЭМЭЭ БИЙ


Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдрөөс "Түмэн тэмээний баяр"-ыг 29 дэх жилдээ тэмдэглэж байна. 2025 оны мал тооллогоор Монгол Улс 501300 тэмээтэй болсноос 155 000 тэмээтэйгээр Өмнөговь аймаг хамгийн олон тэмээтэй аймаг боллоо. 2015 онд эрдэмтэн судлаачид, тэмээчид, хөдөө аж ахуйн салбарынхны хамтын хүчээр Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан тэмээг Монгол Улсад тэмээний шинэ үүлдэр хэмээн албан ёсоор баталгаажуулснаар говийн бүсийн тэмээний генетик нөөцийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулахад чухал ач холбогдолтой болсон юм.


ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ТЭМЭЭ
Мах сүүний ашиг шим сайтай, харьцангуй чацархаг, чийрэг, нягт бие бялдартай бөгөөд бие, галбирын хувьд уналга, эдэлгээнд илүү тохиромжтой гэдгээрээ бусад үүлдрийн тэмээнээс ялгардаг. Тус үүлдрийн тэмээний 72.2 хувь нь хүрэн, 6.9 хувь нь улаан, 10.4–5.2 хувь нь бор, хар, хөх зүсийг эзэлж байна. Мандал-Овоо, Булган, Цогт-Овоо сумдад Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний цөм сүргийг үржүүлэн, говийн бүсийн аймгуудын тэмээн сүргийг сайжруулагч болгон ашиглаж байна.
ГАЛБЫН ГОВИЙН УЛААН ТЭМЭЭ
Өргөн тавиу цээж хэвлий, матаас сайтай хавирга, урт уужим ташаа хондлой, бахим бүдүүн борви, богиновтор бадриун мөчтэй байдгаараа онцлог. Ачилга, хөллөгөө, алсын аян тээвэрт илүү тохиромжтой, лагс зузаан, махлаг чамбай, чийрэг нягт хэвшил давамгайлсан бөгөөд амьдын жин бусад үүлдрийн тэмээнээс илүү байдаг. 66.7 хувь нь улаан, хүрэн, бор, харин 33.3 хувь нь шар, бусад зүсний тэмээ эзэлдэг. Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад Галбын говийн улаан үүлдрийн тэмээний цөм сүргийг цэврээр үржүүлж, говийн бүсийн аймгуудын тэмээн сүргийг сайжруулахад ашиглаж байна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хамгийн өндөр тэмээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын тэмээчин Х.Оргодолын хүрэн ат бөгөөд 3 м 6 см өндөр тэмээ юм.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=