УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНМААГИЙН ЛУЙВРЫН ХЭРЭГ ШҮҮХИЙН ХААЛГА ТАТЛАА



УИХ-ын 2024 оны сонгууль холимог хэлбэртэй явагдсан бөгөөд МАН-аас Америк, Япон, Герман улсад суралцаж боловсорсон өндөр мэдлэг боловсролтой залуусыг жагсаалтаар оруулж ирсэн билээ. Харамсалтай нь, хөгжилтэй оронд суралцсан гэх жагсаалтын хэдэн гишүүн нь улс эх орныхоо төлөө ажиллах бус улаан цагаандаа гарсан луйварчид байсан нь өдрөөс өдөрт  ил болсоор. Тэдний нэг болох МАН-ын жагсаалтын 6-т бичигдэж, УИХ-д заларсан Даваасамбуугийн Ганмаа гишүүний нэр холбогдсон луйврын хэрэг шүүхийн хаалга татсан баримтыг хүргэе.  

Д.Ганмаа нь 2013 онд АНУ-ын Харвардын  Нийгмийн эрүүл мэндийн их сургуульд судлаач багшаар ажиллаж байх үедээ тус улсад ажиллаж байсан Д.Алтанхуяг, Б.Хулан нартай танилцаж, улмаар Улаанбаатар хотод байрлах тэдний  гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600 м.кв талбай бүхий өмчлөлийн газарт хамтарч барилга барих хөрөнгө оруулалт татаж өгнө хэмээн хуурч үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэл хийлгэжээ. Хотын төвд байршилтай өөрсдийн газар дээрээ балетын сургууль хийх хүсэл нь байвч бэл бэнчин нь хүрэлцэхгүй байсан залуу хос хөрөнгө оруулалт олж өгөх хуурай эгчтэй болсондоо  баяртай байлаа.

Харин Д.Ганмаа нь 2017 оны 04 дүгээр сарын 13-нд итгэмжлэл хийлгэж авснаасаа хойш ердөө тав хоногийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тэдний газрыг Б.Уянга гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ. Гэтэл ердөө маргааш нь буюу  2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.Ганмаа нь Б.Уянгатай гэрээ хийж, өмнөх өдөр нь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн газраа эргэж өөрөө 7,9 сая төгрөгөөр бэлнээр худалдаж авснаар жинхэнэ эздийн нэрсийг бүрэн хасуулав. Хотын төвд байршилтай үнэ хүрэх газрыг ийнхүү нэг ч төгрөгийн зарлагагүйгээр ердөө зургаахан хоногийн дотор амжилттайгаар луйвардан авч, өмчинд нь эзэн суужээ. Түүнд итгэсэн залуу хос ийм луйвар болж байгааг огтхон ч гадарлаагүй бөгөөд Д.Ганмаад итгэсээр олон жилийн нүүр үзсэний эцэст энэхүү луйврыг мэдэж, газраа буцааж авахаар удаа дараа хандсан ч өнөөдрийг хүртэл өгөхгүй гүрийсээр байна. Түүгээр ч үл барам Д.Ганмаа нь УИХ-ын гишүүний нэр нөлөөгөө ашиглаж, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх газрын хууль ёсны өмчлөгч  бөгөөд гэрчилгээгээ гээж үрэгдүүлсэн тул нөхөн олгож өгөх хүсэлт өгсөн бөгөөд маргааш нь СБД-ийн Улсын бүртгэлийн газраас  улсын бүртгэлийн Г-2203000410 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. Луйврын хэрэгт төгс мэргэшсэн Д.Ганмаа хоёр хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нөхөр болох С.Болдбаатарт уг газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ.

Ингэхдээ анх Б.Уянга руу шилжүүлж, буцаж өөртөө авахдаа 7,9 сая төгрөгөөр үнэлж байсан газрыг нөхөртөө шилжүүлэхдээ 412,800,000 төгрөгөөр үнэлжээ. Ийнхүү зүсийг нь хувиргаж, зүгийг нь буруулсан тэрээр өнөөдөр “Би мэдэхгүй, над дээр энэ газар чинь байдаггүй” хэмээн гүрийж суудаг. Д.Алтанхуягийг газраа нэхэхээр “Энэ газарт барилга барих гээд газар шорооны ажил эхэлсэн байгаа, тэр мөнгөө төлөөд ав” хэмээн тавладаг гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ газар дээрээ очоод үзэхээр барилгын суурь ч цутгаагүй, бахь байдгаараа байдаг аж. Иймд иргэн Д.Алтанхуяг үнэнийг тогтоолгож, өөрийн өмчлөлийн газраа буцааж авахаар энэ оны эхээр шүүхэд ханджээ. Иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Ганмаа удаа дараа дуудсан цагт ирж тайлбар өгөхгүй, үнэнийг дэнслэх шүүхийн өмнө өөрийн биеэр ирж чадахгүй зугтсаар явна. 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=